Шинэ блогийн хаяг:
http://gostar.blog.gogo.mn

2009-10-12
Энхриймаа

...Өрөөний буланд бяцхан охин шигдэн сууна...

Удаан уулзаагүй хамаатныхаа гэрт нэгэн орой санаандгүй зочиллоо. Нэгэн цагт нэг хашаанд амьдран тоглож өссөн эгчдээ үнсүүлээд удаан уулзаагүй дүү нараа хараад сэтгэл их л сайхан байлаа. Харин өрөөний буланд торомгор нүдтэй нэгэн жаахан  охин намайг цоо ширтэн суугааг би гэнэт анзаарлаа.

Тэр жаахан охин  булбарайхан гараараа намайг тэврээд удаан уулзаагүй найз эсвэл эгчтэйгээ уулзаж байгаа мэт намайг бүр чангаас чанга тэвэрч хацрыг минь зөөлхөн уруулаараа үнсэж байлаа. Огт хараагүй, танихгүй эмэгтэйг ингэтлээ их санасан хүн шиг чанга тэврэн бишүүрхэлгүй надад ийм их сайнаар хандаж байгаа нь надад маш сайхан байсан ч бас тэртээх жилүүдийн гунигийг аваад ирэх шиг ...

Тиймээ Хөөрхөн дүү минь гэртээ эргээд иржээ гэх бодол өөрийн эрхгүй сэтгэлд минь хургаж нулимс минь нүдийг минь хөшиг шиг бүрхээд ирэв. Гэвч би гунигаа чимээгүйхэн далдалж хөөрхөн охиныг хэсэг зуур тэврэн тоглосон юм.

... Шаналж байсан зүрх минь

     Санаж байсан сэтгэл минь

      Харуусч байсан ... Он цагийн эрхээр мартагдах дөхсөн дүүгийн минь царай тэр жаахан охинд тодрон харагдаж байсан болохоор сэтгэл ингэтлээ догдолсон юм болов уу.

Мэдэхгүй ээ энэ орчлонд мэндлээд олон өвлийг ардаа элээж байгаа ч амьдрал гэдэг чухам юу болохыг төдийлөн ухаж ухаарч чадаагүй байгаа миний бяцхан зүрх

Өөрйин эрхгүй хойд нас гэгч байдаг юм болов уу гэх бодолд хөтлөгдлөө.

Төгсөшгүй үргэлжлэх тэнгэрийн зам саадгүй байх болтугай гэж нулимсаараа би дүүдээ шүлгээ тэрлэж байсан тэр л өдрүүд нүдний өмнүүр зурайх шиг ...

Буцах замдаа яагаад ч юм бэ сэтгэл минь тэр жаахан охинд хорогдоод байх шиг нэг л тавгүй... тухтай уулзаагүй явсандаа харуусаад ч байх шиг ...

 

Үүлэн хээгээр дүүдээ би ерөөл өргөж

Үүрд хагацахдаа ганцхан үгийг сэтгэлдээ шивнэсэн ...

Сайхан байсаан бидний хүүхэд нас

Салахгүй юм шиг тоглодог байсан балчир үе минь

Эргээд бидэндээ ирэхгүй явсан ч гэлээ

Эвий дүү минь  эгчдээ үр нь болж заяаж дээ...

 

Эгцэлж  зүрхлэхгүй болтол минь цоо ширтэх тэр алагхан нүд

Эргээд ирээрэй гэсэн шиг  харсаар намайг үдлээ

Эгч нь эргэж ирээд  дүүтэйгээ тоглоноо 

Энхриймаа хурдан том болоорой ...

 



Сэтгэгдэл:


Гайхалтай. Биднийг орхиод явсан хэн нэгэн өөр ертөнцөд эсвэл бидний дунд үргэлжлүүлэн амьдардаг гэдэгт би итгэхийг хүсдэг. Заримдаа тэр итгэл ор мөргүй алга болж, заримдаа жигтэйхэн их үнэн юм шиг бодогддог. Гэхдээ хайртай хэн нэгэн маань хаана ч байхгүй гэж бодох л аймаар.
Бичсэн: gereltuya цаг: 08:43, 2009-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
Уншихыг санал болгож байна: <%EntryTitle%>жиргэе!